Бөөгийн шашин нь шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэлтэй ба МЭӨ 209 онд Модун шаньюй Хүннү улсыг мандуулсан үед бөөгийн мөргөл нийгэмд тодорхой байр суурь эзлэх болжээ. Хүннү гүрний төрийн үзэл суртал нь бөө мөргөл байв. Бөө мөргөлийн хөгжлийн дараагийн үе шат нь МЭ 2-р зууныг хүртэл үргэлжилж, эзэн тэнгэр, гурван ертөнц, сүнс сүлдний тухай ойлголтууд болон зан үйлийн тал нь сонгодог хэлбэрээ олжээ. 13-р зууны төрийн бодлого үйл ажиллагаанд бөөгийн мөргөл томоохон үүрэг гүйцэтгэж байв. 13-р зууны үеийн Монголчууд тэнгэр-эцэг, газар-эхэд бишрэн шүтэн, мөнх тэнгэрийн хүчээр нь оршин амьдрагч, энэ тэнгэрийн доор оршигч газар орон иргэдийг эзлэн захирч байна хэмээн ухаарч байв.
15-17 зууны үед бурхан шашинд өөрийн Монголд эзэлж байсан онцгой байр сууриа тавьж өгснөөр 20-р зууны эхэн болоход хэсэг бусаг, орон нутгийн шинжтэй шүтлэгийн үлдэгдэл болон хувирсан юм. Энэ үе нь бөө нар нь дотроо шашныхаа язгуурлаг шинжээ авч үлдсэнийг харын бөө, язгуур шинжээ алдаж бурханы шашинд ууссаныг шарын бөө, бурханы шашны улаан урсгалтай холилдсоныг Чойжим гүртэм хэмээх лам бөө гэж хуваагдсан аж.
Монгол бөө нар газар тэнгэрийг бүхнийг бүтээн туурвигч гэж үздэг. Бөөгийн гол шүтээн нь тэнгэр юм. Бөөгийн мөргөл ёсоор 99 тэнгэр байх ба 55 нь хүнд тус болдог хайрладаг баруун зүгийн, хортой муу бүхний 44 тэнгэр тус тус байдаг гэж үздэг байна. 55 тэнгэрийн 50 нь залбирдаг 5 нь тахидаг тэнгэр бол 44 тэнгэрийн 40 нь залбирдаг 4 нь тахидаг тэнгэр аж. Байгаль ертөнцийн бүх юм үзэгдэл, хүний аж амьдрал, сэтгэл ухамсарын тодорхой салбар бүрийг хамарсан эзэн тэнгэр байж, түүний тогтоон тодорхойлсон тавилангаар бүх юм болно гэж бөө мөргөлд үздэг.
Цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг. Бөө мөргөлтнүүд дэлхий ертөнцийг гурван хэсэгт хуваан үздэг дээд тив буюу ертөнц бол ариун сайхан, энэрэнгүй ертөнц, дунд ертөнцөд хүн амьтан оршин амьдрана, доод ертөнц дээр үхээрийн шулмасууд хуран сууж, өвчин тахлыг тараан байж гэж үздэг. Монголын бөө нар хүн ганц сүнстэй биш зуурдын хоёр үүрдийн нэг сүнстэй гэж үздэг. Тэр гурав нь бөө нарын үздэгээр эхээс заяасан маханбодийн сүнс, эцгээс заяасан ясны сүнс тэнгэр сүнс. Хүн үхэхэд мах цусны сүнс нь биед гурван жил болдог.
Өөрөөр хэлбэл тэр хүний бүрэн эвдэрч үгүй болтол байж л байна. Ясны сүнс нь сүүжний ясанд байна. Сүүжний яс хэдийд алга болно тэр үед л хамт алга болно. Эцэст нь тэнгэр сүнс нь яс махны сүнсүүд алга болоход энэ сүнс дэгдээд явдаг хэмээн үздэг байна. Бөө болоход үе залгамжлах, нийтийн дотроос сонгон тодруулах гэсэн хоёр хэлбэртэй. Бөө удган болох хүнд заавал дээд угийн онгод сахиус шүглэж, ухаан санаа үймрэх зэрэг бөөгийн өвчин тусдаг гэдэг.
Ийнхүү бөөгийн өвчнөөр өвдсөн хүнийг 15-аас дээш жилээр бөөлсөн сайн багшаар багшлуулдаг байна. Сурч буй бөөгийн чадвараас шалтгаалж 15 хоногоос 2 жил хүртэл хугацаанд үргэлжилдэг байна. Энэ бүхий эцэст тогтсон өдөр багш бөө шавь бөөгийнд ирж хэц, хэнгэрэг өмсгөл, гутал, малгай, амилуулж өгсний дараа шавь онгодоо залан бөөлдөг. Бөө болсны дараа 5 жил гэртээ онгод сахиусаа залан бөөлж дараа нь залалганд бөөлөх эрхтэй болно.
Бөөлөх: Эрт цагт бөө хүн сар бүрийн сондгой тоотой өдрүүдэд бөөлдөг байжээ. Бөөлөхийн өмнө өмсгөлөө өмсөлгүй хэнгэргээ галд ээн хатааж, дуу оруулаад онгодын өмнө идээ будаа сөгнөнө. Үүний дараа өмсгөл хувцасаа өмсөж хэнгэргээ барин онгодын өмнө сөхрөн сууж тахилгаа дууддаг байна. Онгод залсны дараа гал голомтонд өргөх тахилгаа дуудаж гэрийн эзэн тамхилж, бэлтгэсэн цай идээнээс амсан өнгөрсөн үйл явдлын тухай онгод тэнгэрийн хэлснээр дамжуулан хэлэлцдэг ажээ.
Бөөгийн хувцас хэрэглэл
Дээл: Монгол бөө нар бөөлөх үедээ өмсөх хувцсаа хуяг хэмээн нэрлэдэг. Учир нь бөө хүн бөөлөх үедээ элдэв төрлийн дайрлага муу юмтай олонтой учирч байдаг учир тэдгээрээс хамгаалах халхавч нь дээл болдог. Эрт үед бөө нар дээл өмсгөлөө бор гөрөөс, зээр, ямааны элдсэн арьсаар үйлддэг байв. Бөө дээл нь бие манжиг, мөргөл манжиг, хормой хонхинуур, уяа, суга, бүч, сүүл, нуруу, суга, товч, ханцуй, далавч, хошмон, энгэр гэсэн хэсгүүдээс тогтоно.
Бөө малгай (оргой): Бөө малгай нь нүүр самалга, нүүр буюу малгай духны газар хүн амьтны нүүрийг дүрсэлсэн дүрс, малгайн өд буюу малгайг тойруулан шар шувуу болон бүргэд, сойрын өд, хараа, чих, зэргээс бүрдэх бөгөөд эдгээрийн байршил нь бөө нарын овгийн ялгааг тодорхойлохоос гадна малгайд хадсан бүргэдийн өдний тоо ба удам угсаатны үеийн тоог илэрхийлдэг.
Бөөгийн гутал: Бөөгийн гутал бол бөөд ирсэн онгод буюу өөд болсон бөөгийн сүнс, лус хоёрын нийлбэрийг хоёр хөл нь бөөгийн гутал юм гэж харын бөө нар үздэг. Бөө гутлыг гурын арьсаар хийдэг. Монгол бөөгийн хэрэгсэл гэсэн ойлголтонд хэнгэрэг болон түүний цохиур, хуур, толь, таяг, сэвэр гэх мэт зүйлс хамрагддаг байна. Бөөгийн хэрэгсэл нь бөөгийн онгодын унаа, онгод тэнгэрүүдийг баясгагч хөгжмийн зэмсэг, олон түмний хүсэлтийг онгод тэнгэрт дамжуулан хариу авах хэрэгсэл гэсэн ойлголтыг өөртөө багтаадаг.
Бөөгийн хэнгэрэг: Бөөгийн хэнгэрэг гэдэг нь тухай бөөд залагдаж ирсэн онгодын унаа болдог. Монголын харын бөө нар хар зүгийн онгодтой харилцдаг. Хэнгэргээ чоно, баавгайн арьсаар, цагаан зүгийн онгодтой харьцдаг хэнгэргээ согооны ширээр бүрдэг заншилтай. Хэнгэрэг нь бөөгийн унаа нь болж өгдөг бөгөөд бөө унаагаа унаад тэнгэрт халин дүүлэн нисэж учран онгодтойгоо уулздаг байна. Харин зарим монгол угсаатны дунд хэнгэрэг нь бөөгийн унаа биш харин залагдан ирж буй онгодын унаа юм гэж үзэх нь буй.
Цохиур: Цохиур нь толгой иш гэсэн хоёр хэсгээс тогтоно. Онгод тэнгэрийн хөлгийн ташуур, онгодын хэлмэрч гэсэн үндсэн агуулгатай.
Хуур: Хуур нь бөөгийн зам заагч, хэлмэрч, онгодоо дуудах хэрэгсэл гэж үздэг.
Толь: Хүрэл, гуулиар голчлон хийдэг. Бөө нар нь толийг хадгаар оосорлож энгэртээ юмуу хүзүүндээ зүүж явдаг. Энэ нь элдэв хараал зүхэл, онгодын халдлагаас бөөг хамгаалах хамгаалагч болон явдаг гэсэн үзэл юм. Толийг ихэвчлэн бөө нар мэргэ төлгөнд ашиглана.
Бөөгийн таяг: Хөвсгөл орчмын Монгол бөө нарын дунд дэлгэрсэн гурван ац бариултай хус модон таяг юм. Энэ таягийг газар лусын хорлолоор бөө болсон бөө бөөлөхдөө хэнгэрэгийг бус харин харин лус савдгийн хөлөг гурван ац толгойтой могойн дүрс гэж үздэг. Таягаар бөөлж эхэлсэн бөө сайн бөө болдог. Сэвэр: Энэ нь долоон өнгийн торгомсог даавуу зүүж унжуулсан, дээрээ булцуу маягийн бариултай алчуур юм. Сэврийг бөө удган нар баруун гартаа бариад хоёр гартаа ээлжлэн цохиж бөөлөн онгодоо дууддаг байна.
No comments:
Post a Comment