Бөөгийн шашин нь монголчуудын язгуурын шашин буюу бүр Хүннүгийн үеэс өргөн дэлгэр байжээ. Чингис хаан бөөгийн мөргөлийг их шүтдэг хүн байжээ. Чингис хаан аян дайн хийхийнхээ өмнө заавал өндөр уулан дээр гарч, бүсээ хүзүүндээ өргөж залбирдаг байжээ. Ингэж цэргээ сүсэг бишрэлийн аргаар зоригжуулах явдал их байсан тухай Монголын нууц товчоонд бичсэн байдаг.
Бөө, удган, зайран нар бөөлөхдөө тусгай бэлтгэсэн бөө хувцас өмсөнө. Монгол бөөгийн хувцасны хэлбэр ерөнхийдөө адил боловч ядуу хоосны ялгавар ажиглагдана. Монгол бөөгийн хувцас нь оршин амьдарч байгаа угсаатан ястныхаа онцлогийг дууриаж, түүнд зохилдсон байдаг. Тухайлбал баруун монгол бөө нар намхан оройтой малгай өмсөж, зарим нь алчуураар толгойгоо боодог. Харин дээл нь захаасаа аваад хормой хүртлээ урт эрээн даавуунууд унжуулан зүүсэн, нэлээд сүртэй байдалтай байдаг. Халх бөө нарын малгай нэлээн сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой байдаг.
Бөө, удган нар бөөлөхдөө янз бүрийн бүс даавуугаар эрээлж оёсон дээл өмсөнө. Дээлийн захаар бүс даавуугаар хайчлан хийсэн могой, зэрэг элдэв амьтны дүрсийг хаддаг. Бүргэдийн савар буюу бугын эврийн дүрсийг цутган отго болгон суулгасан төмөр буюу оргой гэдэг малгай өмсдөг. Малгайн ард 6 буюу 9 салаа өнгийн даавуу унжуулсан байх бөгөөд үүнийг майхавч гэнэ. Урд талдаа 3, 3-аар зэрэгцүүлсэн төмөр цагариг хадсан арьсан буюу даавуун хаалт зүүх ба үүнийгээ элгэвч гэнэ. Бүсэндээ 9 хүртэлх ширхэг толь зүүнэ. Голдуу хуучирч үе дамжин ирсэн хүрэл толь дээр 12 жил, лууны дүрсүүд хийсэн байдаг. Мөн гартаа "сорви" хэмээх нарийн мод, "ташуур" буюу даавууны өөдөс зүүсэн төмөр цагаригтай мод, ”гэц" буюу тал хэнгэрэг барьдаг.
Бөө нар бөөлөхдөө юуны урд нэг онгон дүр хийж тавьдаг. Онгоны дүрийг мөнгө буюу төмрөөр хийнэ. Онгон бол хамгийн их учиртай, ямарваа нэг аюулаас авран хамгаалж чадах сахиус мөн гэж үздэг.
Хүй нэгдлийн үеэс хүн төрөлхтөн зохион байгуулалттай амьдрах, хамтын хүчээ нэгтгэх болсон ч байгалийн аливаа үзэгдэлд хүчин мөхөсдөж байв. Иймд тэнгэрээс (байгалиас) хамааралтай ямар нэгэн зүйлийг тахих, шүтэх, өөрөөр хэлбэл уурлуулахгүй байх гэсэн үүднээс Бөөгийн шашин анх гарч иржээ. Одоо АНУ-ын индианчуудын үндсэн шашин бөөгийн шашин байсаар байна.
Тэнгэр: GОD гэсэн англи үгтэй утга дүйдэг. Бөөгийн ёсонд 99 тэнгэр гэж байдгийн хүмүүст сайн сайхныг авчирдаг баруун зүгийн 55, муу муухайг авчирдаг зүүн зүгийн 44 тэнгэр байдаг. Монголчууд эртнээс жилд нэг удаа баруун зүгийн тэнгэрийг тахиж, өөрсдийн сайн сайхныг даатгадаг. Мөн зүүн зүгийн тэнгэрүүдийг дуудан, тэдний эсрэг хараал хийх ёсыг үйлддэг. Тэнгэрийг аль ч газрын бөөнүүд "ЭЦЭГ" гэж тооцдог.
Газар: Газрыг аль ч газрын бөөнүүд "ЭХ" гэж тооцдог. Эх биеийг нь төрүүлж, эцэг сүнсийг нь өгдөг хэмээдэг байна. Хүн нас барахад сүнс нь тэнгэрт явж, бие нь газарт үлддэг. Энэ утгаараа ч буган хөшөөнүүдэд (хүний булшин дээр голдуу тавьсан байдаг) дүрслэгдсэн буганууд хүний гарт баригдашгүй цойлсон шинжтэй байдаг ба сүнсийг нь тэнгэрт аваачин өгдөг гэсэн үг юм.
Шашны гол онцлог:
1. Дэлхийн гол шашнууд өөрсдийн ёс суртахуун, сургаалыг тайлбарлан багтаасан хөлгөн судартай. Харин бөөгийн мөргөлийн шашинд тогтсон сургааль байхгүй үе уламжлагдан ирдэг. Бөө мөргөлийн дуудлага тамлагыг бичиж үлдээж болдоггүй. Энэ нь нийгмийнхээ зохион байгуулалттай холбоотой буюу нэг омогт нэг л зайран байна гэсэн хатуу тогтсон дэг журамтай холбоотой юм.
2. Дэлхийн гол гол шашнууд өөрсдийн үндэслэгчтэй. Харин бөөгийн шашинд үндэслэгч гэж байхгүй ба ёс заншил нь байгальдаа захирагддаг.
3. Дэлхийн гол гол шашнууд өөрсдийн мөргөл үйлдэх зэрэг суурин хэлбэрийн байгууламжтай байхад бөөгийн шашинд байхгүй. Гэвч нэг талаас үзэхэд бөөгийн шашны овоо буюу түүнийг тахих ёс буддын шашны суврагатай адил утгатай.
4. Дэлхийн гол гол шашнууд өөрсдийн үүсч хөгжсөн түүх буюу тодорхой хөтөлдөг он тоололтой. Жишээ нь: Христийн тооллоор 2003 он гэхэд Буддын тооллоор 2548 он, Ислам тооллоор 1524 он (1324) он юм. Харин бөөгийн шашинд байдаггүй.
5. Дэлхийн гол гол шашнууд өөрсдийн сургалтын системтэй байхад бөөгийн шашинд байхгүй. Нэг бол удам залгамжилна, нэг бол тодорно. Бөөг удмын буюу үе залгамжилсан, залги буюу гэнэт тодорсон бөө гэж ангилдаг.
Бөөгийн ёсонд жилд хоёр удаа, цагаан сарын шинийн 3-нд, намрын дунд сарын 15-наас өмнөх сондгой тоотой өдөр тус тус тахилга хийдэг. Цагаан сарын тахилгаар тухайн жилийнхээ сайн сайхныг даатган овоондоо идээний болон галын дээж өргөдөг. Намрын тахилгаар мал сэтэрлэдэг. Сэтэрлэхдээ тухайн малын хөлд цагаан юм уяад нар руу харуулан гурав мөргүүлнэ. Сэтэртэй мал тэнгэрийнх бөгөөд ямар ч хүн түүнд гар хүрч болдоггүй.
Бөөгийн ёсонд овоо тахилга маш чухал. Яагаад овоонд чулуу нэмдэг гэвэл өндөр газарт аливааг өндөрлөн овоолсноор тэнгэрт хүрэх зам нь ойртлоо гэж үздэг. Эртний монгол ёсонд овоон дээр ганц эр хүн гардаг байв. Үүний тулд тухайн хүн биеэ цэвэрлэн, зөв хувцаслаж очно. Бүсээ тайлан, малгайгаа авч, сөхрөн суугаад мөргөл, гуйлгаа хийдэг. Одоо Хөвсгөл аймаг, Увс аймаг, Ховд аймгийн хойд хэсгийн буюу өндөрлөг уулархаг газраар (үер, түймэр, аянганд их өртдөг газруудаар) бөөгийн шашнаа хадгалан авч үлджээ.
No comments:
Post a Comment